Орчин үеийн урлаг

ОРЧИН ҮЕИЙН УРЛАГ
Модернизм
Модерн урлаг нь Импрессионистуудын хүч түрэн орж ирсэн эрч хүч буурах үед буюу
1880-аад оноос эхлэн 100 шахам жил үргэлжилжээ. Судлаачдын хувьд 1800 оны эхээр
буюу Романтизмаар эхэлсэн, 1830-аад оны Реализм, 1839 оны Гэрэл зургийн нээлт%
зохиолч Бодлерын 1846 онд уран бүтээлчдийг “цаг үеэрээ бай” гэсэн уриалга, 1874
оны анхны импрессионист шоу гэхчлэн чиглэл чиглэлээрээ Модерн урлагийн анх
эхэлсэн хугацааг тооцож, санал зөрөлдөж байдаг.
1880-аад оны тонализм,
симболизм, пост-импрессионизм, нео-импрессионизм зэрэг олон измүүдийн аль нь
Модерн урлагийг эхлүүлэв гэдгийг эцэслээгүй ч алийг нь ч үгүйсгэж буруу гэж
үздэггүй ба эхэлсэн оноос үл хамааран Модерн урлаг нь өөрийн хэд хэдэн онцлог
чанартай. Үүнд уран бүтээлч дотоод зөн совин, үзэл баримтлалдаа итгэх, үүнийгээ
уран бүтээлдээ тусган илэрхийлэх, бодит амьдрал, нийгмийн асуудал, орчин үеийн
амьдралын дүр төрхийг сэдвээр сонгох, аль болох байнга турших, шинийг
эрэлхийлэх зэргийг судлаачид багтааж авч үзсэн байдаг.
Модерн урлаг нь тэр үеийн дүрслэх урлаг, дуу хөгжим, утга зохиол, уран барилга
болон хэрэглээний урлаг зэрэгт илүү тод илэрсэн байх ба шинжлэх ухаан,
технологи, амьдралын дадлага туршлагаар дамжуулан хүний бүтээх, засан
сайжруулах, орчноо бүтээн бий болгох хүч чадлыг эрхэмлэсэн соёлын хөдөлгөөн
байсан гэж үздэг. Хуучны уламжлалт сэтгэхүйг халж, өөрчлөлт, “одоо” үеэрээ
амьдрах шинэ үзэл баримтлалыг зоримгоор уриалан, худалдаа арилжаанаас гүн ухаан
хүртэлх оршихуйн бүхий л талуудын тухай тогтсон хэвшмэл ойлголтыг эвдэхэд
дуудсан Модерн урлаг нь уламжлалт урлаг, уран барилга, утга зохиол, шашин,
сүсэг бишрэл, нийгмийн зохион байгуулалт, өдөр тутмын амьдралын хэв маяг нь үеэ
өнгөрөөсөн гэж үзэж, нийгэм, эдийн засаг, улс төрийн бүхэлдээ аж үйлдвэржсэн
нийгэмтэй золгосон билээ. 
19-р зуунд Европ хэд хэдэн дайн, хувьсгалыг туулж, Гегелийн диалектик үзэл,
Ф.Ницшегийн экзистенциализмийн онол, Шопенхауерын “гутранги” онол, биологийн
салбар дахь Ч.Дарвины хувьслын онол ба улс төрийн тухай Карл Марксын онол
баримтлал зэрэг нь нийгэмд шашны эзлэх байр суурь, олон нийтийн итгэл бишрэл,
сэтгэлгээнд эрс өөрчлөлт оруулж, улмаар Модерн урлаг үүсэх нөхцлийг алгуур
бүрдүүлж байв. У.Эверделл Иммануэл Кантыг “анхны жинхэнэ модернист” хэмээн
нэрлээд Францад утга зохиолын модернизм Бодлероор, дүрслэх урлагт Мане нараар
эхэлсэн гэж үзсэнээ ч тэмдэглэсэн байх ба удалгүй хөгжим, уран барилгад Модерн
урлаг нэвтэрчээ. Анх модернизмийг "avant-garde" (франц: тэргүүлэх
эгнээ) хэмээн нэрлэж байсан ба энэ нь улмаар уламжлалыг халах, шинийг нээх,
өөрчлөлт хийх эрс хөдөлгөөнийг нэрлэх нэр томъёо болон хэвшсэн байна. Францад
анх үүссэн урланд бус en plein air (франц: задгай агаар) буюу гадаа зурахад
чиглэж байсан ба хүмүүс эд зүйлсийг бус гэрлийг хардаг гэсэн баримтлалтай
импрессионизм болон симболизм нь Модернизм үүсэхэд нэн чухал нөлөөг үзүүлсэн
билээ. 
1890-1910 – Эхлэл
Физикийн “Харьцангуйн онол”, дотоод шаталтат хөдөлгүүр ба аж үйлдвэржилт,
нийгмийн шинжлэх ухаан зэрэг дэвшлүүд урлаг, утга зохиолын зүтгэлтнүүд,
сэтгэгчид, уран бүтээлчдийн дунд хуучин уламжлалыг халах хөдөлгөөнийг эрс
идэвхитэй өрнүүлэхэд хүргэж, Зигмунд Фрейдийн сэтгэлзүйн онол, үзэл баримтлал,
Эрнст Махын позитивизм буюу “эерэг онол”, Ф.Ницше нарын “гутранги” үзэл зэрэг
нь нийгмийн тогтсон сэтгэлгээг сандчаан, улмаар анхны “модернист” уран
бүтээлчид хуучны хөрөнгөтний “элч”-ийн үүргээс татгалзав. Арнольд Шөньбергийн
1908 онд бичсэн анхны хөг үгүйсгэсэн чавхдаст хөгжмийн дөрвөлд зориулсан
хөгжмийн зохиол, 1903 оны Василий Кандинскийн экспрессионист зургууд, 1911 онд
түүний Мюнхенд байгуулсан ‘Der Blaue Reiter’ (герман: Хөх морьтон) бүлэг,
П.Пикассо, Ж.Брак нарын 1908 онд үндэслэсэн кубизм зэрэг нь хуучин ертөнцтэй
салах ёс хийх “модернист” аяны эхлэлүүд байв. Энэхүү анхдагч модерн хөдөлгөөн
20-р зууны эхэнд замхарсан ч дараа нь янз бүрийн радикал урлагийн хэлбэрүүд
гарч ирэхээр оролдож байв. Эдгээрийн тоонд хөгжим модернизмийг авчирсан
Стравинский, Шөньберг нарын хөгжмийн зохиолчид, Г.Климт, Матисс, Мондриан нарын
зураачид, Les Fauves (франц: араатнууд буюу фовистууд), кубизм, сюрреализм
зэрэг дүрслэх урлагийн хөдөлгөөн, хэв маягууд орохын зэрэгцээ Ле Кобусье,
У.Гропи, М.в.д.Рое зэрэг уран барилгач, дизайнерууд өдөр тутмын суурин амьдралд
орчин үеийн модернист өнгө төрхийг авчирч, утга зохиолчид ч өөрсдийн урсгал
хөдөлгөөнүүдийг үүсгэн нийтэд хүргэж байв. 
Импрессионистууд өөрсдийн урлагийг хүлээн зөвшөөрүүлсэнээр асар их өөрчлөлтийг
эхлүүлсэн юм. Тэд өөрсдөө ч чөлөөтэй зоригтойгоор туурвих, турших болж, улмаар
тоо томшгүй олон хэв маяг, дэг сургууль, хөдөлгөөнийг байгуулагдахад нөлөөлсөн
ба эдгээр нь алга болж, нэмэн үүсч, нэгдэн нийлж байсны хамгийн шилдэг жишээ нь
Пост-импрессионизм юм. Энэ нь 1885-1920 оны үед идэвхитэй өрнөсөн гэж хэлж
болох ба угтаа бол хөдөлгөөн бус харин П.Сезанн, В.В.Хох, П.Гоген нарын зэрэг
уран бүтээлчдийн Ипрессионизмийг өнгөрөөж дараагийн үе рүү дэвшин орсон салангид
явц байсан билээ. Тэд Импрессионизмийн гэрэл, өнгийг хадгалж үлдсэн ч хэлбэр,
зураас зэрэг бусад бүрдлүүдийг дүрслэх урлагт буцаан авчирсан юм. Харин
1890-1939 оны орчим хүртэл үргэлжилсэн фовист буюу “адгууслаг” хөдөлгөөний
төлөөлөгч болох Матисс зэрэг уран бүтээлчид хурц өнгө, хүн ба эд юмсын анхдагч
тойм дүрслэлээрээ экспрессионизмийг үндэслэсэн нь Герман зэрэг орнуудад
дэлгэрэв.
1910–1930 – Тэсрэлт
Дэлхий 1-р дайны эхлэл өрний нийгэмд тайван бус байдлыг бий болгосноор уран
бүтээлчид соёл урлагийн гоо зүйн таашаал өгөх үүргээс улам татгалзаж, бүр соён
гэгээрүүлэх үүрэг нь хувьсгалч шинжтэй болов. 1913 онд л гэхэд Э.Хассерлийн
“Санаа бодол”, Эзра Паундын “Имажизм”, Зэр Зэвсгийн шоу, Игорь Стравинскийн
“Хаврын ёслол” мэднэлсэний зэрэгцээ П.Пикассо, Хенри Матисс нар уламжлалт
алслалтын аргыг хэрэглэхээс татгалзсан нь урлагийн тухай нийгмийн ойлголтыг
цочролд оруулж, урлаг, утга зохиол дахь энгийн реализм (бодичлол)-аас хальж,
хөгжмийн бүтээлийн эгшиг өнгө, нийцэл зохирлыг ч үгүйсгэн баяжуулж байв.
Г.Климт, П.Сезанн нарын зураачид, Малер, Р.Штраусс нар “аймшигтай
модернист”-уудад тооцогдож, футуризм, примитивизм, пессимизм нь модернизмийн
шинэчлэлийн хэсэг нь болж байсан ч нийгэмд модернизм бүхэлдээ шинэчлэх
хөдөлгөөний нэг хэсэгт тооцогдсон хэвээр байсан юм. Гэвч Дэлхийн 1-р дайн,
хэдэн сая хүний үхэл, зэр зэвсэг зэрэг нь нийгэмд эсрэг тэсрэг үзэл бодлыг
авчрахын сацуу техникийн дэвшлийг эрс хурдасган хүмүүсийн мэдэх уламжлалт
амьдралын хэв маягийг өөрчилж реализмийг үгүйсгэхэд хүргэв. Дайны өмнө нийгмийн
бага хүрээг хамарч байсан модернизм 1920-иод онд “Дадаист” хөдөлгөөн, улмаар
Сюрреализм, Кубизм, Bauhaus (герман: барилгын газар), Ленинизм зэрэг
хөдөлгөөнүүд гарч харь улсад ч түгэн дэлгэрч эхлэв. Авто тэрэг, агаарын тээвэр,
харилцуур утас болон бусад тухайн үеийн технологийн дэвшлүүд хүмүүсийн
амьдралын хэв маягийг өөрчилж , модернизмийг хүлээн авч эхэлсэн ба сонирхолтой
нь энэ үед 1918 оноос өмнөх модернизмийг үгүйсгэх нийтлэг хандлага өрнөж
байлаа. Зарим уран бүтээлчид тухайн үеийн “шинэ” модернизмийг “солиорол, сүнс
сүлдгүй, механик” хэмээн шүүмжилж байсан ч модернистууд үзэгч олон, урлаг ба
үзэгчдийн холбоо, нийгэм дэх урлагийн үүрэг зэрэг асуудлыг дэвшүүлэн ярилцаж,
шинжлэх ухааны ололт, материаллаг үзэл ба хүний амьтанлаг шинж, сэтгэл хөдлөл
гэсэн хоёр туйлт нийгэмд ирээдүйн амьдралын өнцөг бүрийг хамран өөрчлөх
бүхэллэг “ертөнцийг үзэх үзэл”-ээ бүрэлдүүлж байв. 
Уламжлалт реалист арга барилаас зайлсхийн шинийг эрэлхийлэх ба шинэ реалист
хандлагыг баримтлах үндсэн хоёр зарчимд хуваагдсан модернистууд ХХ зууны ололт
болох олон ургальч үзлээр амьсгалж, маш олон урсгал, чиглэлүүд үүсгэж байсан нь
нэг нь нөгөөгөөсөө урган гарах бус харин эсрэг тавигдан гарч ирж байснаараа
онцлог төдийгүй нэг уран бүтээлчийн туурвилд янз бүрийн урсгал, арга барил ажиглагдах
нь ердийн үзэгдэл болж байлаа. Энэ үеийн томоохон үзэгдэл нь 1905-1939 оны
орчим өрнөсөн Кубизм, Футуризм бөгөөд П.Пикассо, Брак нар геометрийн дүрсийн
цувраа маягаар амьд биетийг дүрсэлж эхэлсэнээр үүсгэв. Харин энэ нь улмаар
анхны модерн абстрак (орчин үеийн хийсвэр) баримлыг бүтээсэн Байхаус
хөдөлгөөний эх сурвалж, уран бүтээлийн салшгүй бүрдэл хэсгийг бий болгожээ.
Харин энэ үед Италид Футуризм үүссэн нь тухайн үед ихээхэн эрчимтэй хөгжсөн
машин техник болон аж үйлдвэржилтийг урлагийн хэв маяг болгож байв. Мөн
1922-1939 оны үеийн Сюрреализм нь зүүд, зөн билгийн цаад утгыг тайлан гаргах,
далд ухамсрыг илэрхийлэх тухай бөгөөд З.Фрейд алдарт сэтгэлзүйн судалгааны
номоо хэвлүүлсэний дараа энэ урсгал гарч ирсэн нь санамсаргүй зүйл биш гэж
судлаачид үздэг ажээ. 
1930–1945 – Хоёр дахь үе
1930-аад он гэхэд модернизм олон нийтийн соёл, хэрэглээний урлаг ба олноор
үйлдвэрлэх арилжааны салбарт ч нэвтрэв. “Нью Йоркер” сэтгүүл залуу модернист
зохиолчдын шинэ бүтээлийг нийтэлж, 1919 онд Э.Жонстон анхны модерн хйисвэр лого
тэмдгийг бүтээснийг Лондон Андеграунд ашигласан нь хялбар цээжлэгдэх лого
тэмдэг бүтээж ашиглах эхлэлийг тавив. Энэ үеийн нийгэм улс төрийн хувьд хоёр
хэсэгт хуваагдсан нь Октябрийн хувьсгалаас эхтэй бөгөөд улс төрийн шийдэл,
утопианизм хоёрыг нэгтгэх томоохон түлхэц болсон юм. Дэлхийн 1-р дайнаас өмнөх
модернизмийн примитивист, иррациональ үзэл баримтлал, 1920-иод оны Т.С.Эллиот,
И.Стравинский нарын төлөөлөгч бүхий неоклассицизм зэрэг нь улс төрийн тодорхой
шийдэлд хүрэх боолмжоор хязгаарлагдмал байсан бол Марксизм, Фашизм, их хямрал,
дайн зэрэг нь нийгмийн сэтгэхүйд хүчтэй нөлөөлж, Б.Брехт, У.Х.Оден, А.Бретон
нарын алдартнууд модернист марксистуудыг, харин У.Левайс, Т.С.Эллиот, Эзра
Паунд нар модернист баруунтнуудыг төлөөлж байв. 
Дэлхийн 2-р дайны дараа
Дайны дараа Европын соёлын төв, урлагийн ертөнцийн нийслэл болж байсан Парис
хот эзгүйрч, модернист уран бүтээлчид, уран зураг сонирхогчид, яруу найрагч,
зохиолчдын ихэнх нь Хойд Америк руу дүрвэж, үлдсэн нь бараг бүгд амь үрэгдсэн
байсан ба тэднээс онцолбол П.Боннард нарын цөөн хэдэн уран бүтээлчид л амьд
үлдсэн гэдэг. Ийнхүү 1940-өөд оны Америкт П.Пикассо, Х.Матисс, Сюрреализм,
Кубизм, Фовизм, анхдагч модернизм зэргийн нөлөө, сургууль ба америк багш нарын
сургалтыг хослуулсан модернист хөдөлгөөн өрнөсөн нь абстракт модернизм байсны
дээр П.Мондриан, М.Эрнст, А.Бретоны бүлэг, П.Матиссын галерей, П.Гуггенхаймын
галерей болон бусад хүчин зүйл ч нөлөөлж байв.
1945-1958 Ж.Поллок ба абстракт нөлөө
1940-өөд оны эцэс-1950-иад оны, үүнээс хойших үеийн урлагт хамгийн их нөлөө
үзүүлсэн уран бүтээлч бол Жексон Поллок юм. Түүний бүтээл туурвих шинэчлэл нь
контемпорари урлагийн чадамжид эрс хувьсгал хийсэн бөгөөд урлагийг бүтээх нь
урлагтайгаа адил чухал гэдгийг мэдрүүлэн ‘Abstract Expressionism’ (Хийсвэр илэрхийлэл)
хэмээх хэв маягийг үндэслэсэн юм. Тэрээр шалан дээрх зотон дээр 4 талаас нь
тойрч, багсаар будгаа асгаж, дусааж, толботуулж, дүрст болон дүрс үгүй
бүтээлийг туурвиж байсан нь уран бүтээлчдэд бүтээл туурвих шинэ арга техникийг
таниулан хил хязгаарыг арилгасан ба түүний араас үй олон абстракт
экспрессионист уран бүтээлчид төрж, уран бүтээл туурвих арга барил, урлагийн
цар хүрээг өргөжүүлэн нээж, “өөрийгөө илэрхийлэх, сэтгэл хөдлөлөө тэр чигээр нь
царцаан буулгахаас бусад танигдах хэлбэр дүрс, ер бүх зүйлийг үгүйсгэдэг” энэ
хэв маяг эдүгээг хүртэл баяжин хөгжсөөр байна. 
1960-аад он
1950-1960-аад оны хийсвэр уран зурагт абстракт экспрессионизмийн нөлөөгөөр
Hard-edge painting (Өнцөглиг зураг), Geometric abstraction (Геометр
хийсвэрлэл)-ийн бусад хэлбэр, улмаар Color field painting (Цулгай будган
зураг), Lyrical Abstraction (Уянгын хийсвэрлэл) зэрэг шинэ чиглэлүүд үүсэв.
1960-аад оны сүүлээр Postminimalism, Process Art, (утгачилбал: Өрнөл урлаг)
Arte Povera зэрэг уран зураг, баримлыг агуулсан хөдөлгөөнүүд үүсэн, анхдагч
Conceptual Art (Агуулгат урлаг) эх үндсээ тавив. Ж.Поллокийн үндэслэсэн Өрнөл
урлаг хэв маяг, агуулга, материал, зохиомж, цаг хугацаа, хиймэл болон бодит
орон зай зэрэг бүхий л элементүүдийг ашигласан маш олон төрлүүдийг араасаа
дагуулав. 
1960-аад оны эхээр үүссэн Минимализм нь Геометр хийсвэрлэлээс үүдэлтэй
сэдэвчилсэн бүтээл, “шавааралдсан” хийсвэр илэрхийлэл, сэтгэл хөдлөл зэргээс
татгалзсан хэв маяг бөгөөд хамгийн энгийнээр ч урлагийн илэрхийллийг харуулж,
агуулж болно гэж үздэг. Харин 1960-аад оны сүүлээр үүссэн Постминимализм
хөдөлгөөн нь минимализмын татгалзсан хэлбэр агуулга бүхий минималист урлагийг
бүтээх зорилготой байв. Энэ үед гарч ирсэн “Хийсвэр илэрхийлэл”-ийн шинэлэг
сонирхолтой хэлбэр нь Коллаж (Зулмал урлаг), Ассембляж (Угсармал урлаг),
Инстолляци (Өрөг урлаг) зэрэг байв. Анх 1950-иад онд Р.Раушенберг Поп (Нийтлэг)
урлаг, инстолляци (Өрөг)-ийн урлагийг хослуулан чихмэл амьтан шувууд, арилжааны
гэрэл зураг бүхий ассембляж хийсэн нь элдэв материалыг нийлүүлэн өөр утга санааг
илэрхийлж болохыг харуулсан шинэ маягийн урлан бүтээх арга барилыг
танилцуулсан, эдгээр төрлийн бүтээлийн эхлэлийг тавьсан алхам байв. Мөн
1960-аад онд үүсэн эдүгээг хүртэл оршиж буй нэг чиглэл нь Поп болон Оп Арт
бөгөөд энэ нь хийсвэр илэрхийллийн хариу үйлдэл болж гарч ирсэн гэдэг. Поп арт
(Нийтлэг урлаг) нь нийтийн соёлоос сэдэвлэсэн, материаллаг хэрэглээний өдөр
тутмын амьдрал, зар сурталчилгааг дүрсэлдэг “марзан” урлаг гэж болох ба харин
Op-Art (Хараа зүйн урлаг) нь 1960-д оны нэгэн ‘happening’ (Өрнөл урлаг)-ийн
үзүүлбэрийн үеэр анх гарч ирсэн гэдэг. 
Үзүүлбэр урлаг ба Тохиол урлаг
(Performance & happenings)
1950-1960-аад онд уран бүтээлчид Performance буюу үзүүлбэрт суурилсан
бүтээлүүдийг анх хийж эхэлжээ. Энэ нь уран бүтээлч, барималчид үзэгчидтэй шууд
харьцах, бусад бүжиг, дуу хөгжмийн чиглэлийн уран бүтээлчидтэй хамтран
үзэгчдийн оролцоотойгоор үзүүлбэр тоглолт зохиох, үүндээ авад зохиомж буюу
импрувизаци хийх зэргээр Хийсвэр илэрхийллийн шинэ уран бүтээлийг туурвих
шинэлэг арга зам байв. Харин 1950-иад оны дунд үеэс 10 орчим жил идэвхитэй
өрнөж байсан Happening буюу Тохиол урлагийг ихэвчлэн авангард уран бүтээлчид
төлөвлөөгүй цугларалт маягаар зохион байгуулдаг, хамтрагч уран бүтээлчид, найз
нөхөд, гэр бүл, ойрын хүрээнийхэн нэг газар цугларах ба нууцлаг, хийсвэр
шинжтэй, тусгайлан хийсэн хувцас өмсдөг, гэнэт нүцгэлэх буюу хоорондоо
авцалдаагүй үйлдэл хийх зэргээрээ Үзүүлбэрээс ялгардаг байна.
НЭН ОРЧИН ҮЕИЙН УРЛАГ
Дүрслэх урлагийн түүхэнд 19-р зууны сүүл үеэр бий болсон нэгэн шинэ үечлэл нь Модерн
арт буюу Орчин үеийн урлаг билээ. Орчин үеийн урлагийн хөгжлийн энэ үед,
ялангуяа ХХ зууны эхний хагаст модернизмийн хүрээнд маш олон урсгал, чиглэл
vvсч хөгжсөн ч урлагийн vндсэн төрлvvд өөрсдийн vндсэн шинж чанар, уламжлалт
арга барилаа хадгалж байсан онцлогтой бөгөөд чухам үүнээс Контемпорари арт буюу
Нэн орчин үеийн урлаг төрсөн гэж үзэж болно. Contemporary гэдэг үг маань угтаа
бол “Бидний амьдарч буй цаг үед бүтээгдэж буй урлаг” гэсэн утгатай. Өөрөөр
хэлбэл бидний хувьд “одоо цаг” дээр байх цаг үеэ нарийн мэдэрсэн, хамгийн
шинэлэг өнөө үеийн бүхий л урлагийг ерөнхийд нь илэрхийлдэг. 
Нэн орчин үеийн урлагт Дэлхийн 2-р дайнаас хойш бүтээгдсэн бүхий л урлагийн
бүтээлүүдийг хамруулан үздэг ба Нэн орчин үеийн урлагийн галерей, музейнууд,
бусад утга зохиол, уран барилга, дуу хөгжим зэрэг чиглэлийн урлагийн
байгууллагууд судалгаа, цуглуулгаа чухам 1950-иад оноос хойших бүтээлүүдээс
бүрдүүлдэг. Гэвч цаг тооллын хувьд болон дүрслэх урлагийн хөгжилд гарч ирсэн
үзэгдлүүдээс шалтгаалан 1970-аад оноос яг одоог хүртэлх хугацаанд бүтээгдэж буй
бүхий л урлагийн бүтээлийг тооцох нь бий. Учир нь 1970 онд үндсэндээ
Модернизмын үе дуусч Постмодернизм эхлэн, (зарим урлаг судлаачид Модернизм,
Постмодернизм хоёрыг тус тусдаа хөдөлгөөн гэж үздэг бол мөн зарим нь нэг урсгалын
хоёр тал гэж үзэх нь ч бий) амар хялбар ангилагдахуйц салангид урлагийн
хөдөлгөөнүүд эцэс болж, илүү нийлэг холилдсон бүтэцтэй урлагийн үзэгдлүүд гарч
ирсэн үе гэж үздэг байна. Урлагийн төрөл, чиглэлүүд нийлэгжин холилдож, арга
барил, бүрдэл элемент, зохиомж илэрхийллийн хэлбэрүүдээ дижитал уран зураг,
эсгий баримал гэх мэтчилэн чөлөөтэй солилцох болсноос нэр төрөл олширч,
хоорондын зааг ялгааг тодорхойлоход улам хэцүү, бараг боломжгүй болж байна.
Ялангуяа сүүлийн жилүүдэд дvрслэх урлагийн шинэ төрлvvд олноор гарч ирснийг тай
холбон тайлбарлах нь зvйд нийцнэ. 
Ерөөс ХХ зуунд хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их үйл явдал, хамгийн аймшигтай
дайн тулаан өрнөж, нийгмийн бүхий л салбар эрс хурдацтай хөгжсөн бөгөөд
үүнийхээ хэрээр хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөж, урлаг соёл нь улам олон талтай
болов. Сүүлийн 40-өөд жилд нийгэм, улс төрийн амьдрал, шинжлэх ухаан, техник
технологи, мэдээллийн өндөр хөгжилтэй уялдан урлаг гэрлийн хурдаар өөрчлөгдөж
байна. Урлаг ийнхүү өөрчлөгдөхдөө, уран бүтээлчид ийнхүү өөрчлөхдөө өмнө үүссэн
хэв маяг, дэг сургууль, хөдөлгөөнүүдийг, шинэ агуулга, эсрэг болон эерэг
шинэлэг байр сууринаас хандан үргэлжлүүлсээр байхын сацуу цоо шинэ хэлбэр,
агуулга, чиглэлээр баяжуулан, салбарлаж, басхүү холилдож нийлэгжин хөгжих нь
дамжиггүй. Хvн төрөлхтөний эдлэг болон оюун санааны ертөнцийн бvхий л шинж
байдлыг уран сайхнаар илэрхийлэхийг эрмэлздэгээрээ аль ч үеийн бүхий л урлаг
адил билээ.

Comments

Popular posts from this blog

Powtoon реклам